Wednesday, November 18, 2009

Ухаалаг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?

Бүх талаараа арван хуруу тэгш эмэгтэй байх нь чухал биш харин хир зэрэг ухаантай эмэгтэй вэ гэдэг нь чухал

Төгс төгөлдөр байх нь аз жаргалтай амьдралын баталгаа биш.
Хорвоо ертөнц бүхэлдээ л мундаг, ухаантай, төгс төгөлдөр хүмүүсийн гарт байдаг мэт санагддаг билээ. Багаасаа толгой сайтайгаараа бусдадаа шагшигдаж Америкийн дэлхийд нэртэй их сургуульд элсэн орсон эмэгтэй, аав нь дипломатч байсан учраас таван орны хэлээр чөлөөтэй ярьдаг эмэгтэй, бизнесийн ухаан, авъяас чадвар нь гайхалтайн ачаар гучин насандаа баяжсан эмэгтэй...


Тэд нарын дэргэд би гэдэг хүн гоёмсог орд харшийн үүд хавьд нь зогсдог зарцын байдалтай байгаа юм биш биз гэсэн бодол төрөх үе байдгийг нуух юу байх билээ.
Ахлах сургуульд байхдаа орон даяар авдаг урьдчилсан шалгалтын дүнгийн жагсаалтан дээр байгаа 15903 гэсэн тоог хараад энэ тоо миний амьдралын зиндааг хэлж өгч байна даа гэж бодож байсан юм биш биз?
Гэтэл үеийнхэнтэйгээ хамт амьдралын нэгэн үеийг туулсныхаа дараа нүдээ нээгээд харахад эмэгтэй хүн мундаг толгойтой байх нь аз жаргалтай сайхан амьдрахтай тэгтлээ их хамааралгүй болохыг мэдэх болно. Эд материалын хувьд ч, оюун санааны хувьд ч хангалуун амьдрал. Цаашдаа амьдрал маань одоогийнхоос илүү сайхан болох болно гэсэн итгэлээр дүүрэн амьдрал.
Хүн бүрийн сайн сайхан амьдралыг хэмжих хэмжээс нь өөр өөр байдаг ч ихэнхдээ дээрхтэй ижил төрлийн амьдралыг хүмүүс аз жаргалтай амьдрал гэж нэрлэдэг.
Гэтэл сайхан амьдралыг хэнээс ч илүү цогцлон бүтээж чадах байх гэж бидний дүгнэж байсан эмэгтэйчүүд аз жаргалгүй, сэтгэл дундуур амьдарч байгааг хараад хүмүүс “Хувь заяа гэдэг чинь энэ байхгүй юу. Зурсан зураг, төрсөн төөргөө дагадаг гэж үнэн юм даа” хэмээн ам уралдан мэдэмхийрдэг. Тэдний төсөөлөн бодож байсан зүйл нь нүдний өмнө болж байгаа бодит байдалтай нийцэхгүй байгаа учраас тэд ийн ярьдаг юм. Гэвч сайхан амьдрах үгүй нь “сайхан төрсөн” юм уу “хангалуун орчинд өссөн” гэдгээс огт өөр ямар нэгэн юмтай илүү уялдаа холбоотой байдаг.Тэр бол оновчтой сонголт хийхэд биднийг хөтөлдөг “ухаан” билээ. Амьдралыг хөдөлгөгч хүч нь сонголт бөгөөд сонголтын хөдөлгөгч хүч нь чиг хандлага юм.
Н нь ахлах сургуульд байхдаа манай сургуулийн домог болсон охин байлаа. Ахлах сургуулийнханыг орон даяар байр эзлүүлэхэд эхний тавд ордог байсан тэрээр сурлагандаа сайны зэрэгцээгээр бусад зүйлд ч авъяастай байлаа. Дуу, урлаг, биеийн тамир гээд ямагт л дундаас дээш оноо авдаг байсан түүнийг хараад хүн бүр л бурхан хэт шударга бус юм гэж дуу алддаг байлаа.
Тэр охин ямар ч саадгүй улсын урдаа барьдаг сургуульд элсэн орж чадсан юм.
Мөн мэргэжлийнхээ дагуу гадаадын алдартай эрдэм шинжилгээний хүрээлэнд орж эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллахыг хүсч байна гэж тэрээр ярьдаг байлаа. Бас өөрийн мөрөөдлийг бий болгох хүртлээ ямар ч юманд сэтгэл санаагаа зориулахгүй гэж тоть шиг дахин давтан ярьж явдаг охин байлаа.
Гэтэл хэдэн жилийн дараа бид санаанд оромгүй мэдээ сонсох нь тэр.
Тэр охин өөрийн шийдвэрээсээ гажиж нэг факультетийн эрэгтэй оюутантай хайр сэтгэлийн холбоотой болж нилээд лав үерхэж байжээ. Түүгээр үл барам цэрэгт явсан найз залуугаа халагдаж ирэхээр нь хамт сурна гээд юу юуны духанд хүрэлгүй шууд л сургуулиасаа жилийн чөлөө авчээ.
Эргэн тойрных нь хүмүүс түүнд болохгүй гэж хэлж сануулсан ч тэрээр ингэж хариулдаг байсан гэнэ.
“Нэгнийхээ төлөө байхгүй юм бол тэрийг ямар хайр гэх вэ? Амьдрал хайр дээр тогтдог биздээ? Надад өөрийн сонгосон зам, төлөвлөсөн төлөвлөгөө байгаа болохоор санаа бүү зов”.
Ойр тойрных нь хүмүүс санаа зовсон хэдий ч угаас ухаантай охин болохоор өөрөө мэдэж байгаа байлгүй дээ гээд тэгэс хийгээд орхилоо.
Гэтэл найз залуу нь цэргээс халагдаж ирсэний дараа тэр хоёр удалгүй салж, Н ч нилээд сэтгэлээр унасны эцэст гадаад уруу сургуульд явна гэсэн зорилгоосоо буцжээ. Хожим нь зорилгоо өөрчилж төрийн албаны шалгалтанд орно хэмээн сэтгэл шулуудсан ч санаснаар нь болоогүйгээс одоо тэрээр жирийн нэг хувийн компанид ажиллаж байгаа гэдгийг нь бид дуулсан юм. Бас дээрээс нь нэг газраа тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй тоо томшгүй олон ажил сольж байгаа гэнэ. Бас тэр одоо ч өөр төрлийн төрийн албаны шалгалтанд хүчээ сорих санаатай байгаа гэнэ.
Н бүсгүйн амьдрал санаснаар болоогүй нь их сургуульд байхдаа хайр сэтгэлээ өгч, хоёргүй сэтгэлээр хүлээж байсан найз охиноо хаясан хүйтэн сэтгэлтэй тэр залуугаас болсон уу? Мөн, тэр одоо бэлтгэж байгаа шинэ шалгалтандаа тэнцлээ гээд цаашдын бүх амьдрал нь дардан замаар явж чадах уу?
Мэдээж Н толгой сайтай болохоор одоо хүчээ сорих гэж байгаа шалгалтандаа тэнцэж ч болох юм л даа.
Гэвч тэглээ гээд тэр бүсгүйн амьдрал “аз жаргалтай” гэдэг бүлэгт багтаж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Яагаад гэвэл тэр бүсгүй толгойтой, авъяас чадалтай төрсөн хэдий ч аз жаргалтай сайхан амьдрахад шаардлагатай үндсэн чанар хэт сул байгаатай бүх зүйл холбоотой.
Тэр бүсгүй ирээдүйдээ гэрлэнэ, сууна гэсэн ямар ч баталгаагүй залууг өөрийн хүсэл мөрөөдлөөс илүү эрхэмд тавьж том алдаа гаргасан. Сүүлд нь ч болов үүнийгээ гэнэн залуу насны алдаа байжээ гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлгож ухаарвал сайн хэрэг боловч бүр мунхаглаж бодит амьдралаас хол хөндий тэрхүү сонголтоо зөвтгөх гэж оролдох аваас цаашдаа ч иймэрхүү олон алдааг давтах болно.
Авъяаслаг, чадалтай эмэгтэйчүүд хоёр юмны аль нь илүү чухал вэ гэдгийг үнэлэх тал дээр тааруухан байвал, аз жаргалгүй амьдрах магадлал өндөрсдөг.
Хичээлээсээ өөр зүйлд анхаарлаа хандуулахгүй байх, гадаад оронд очиж сурах, нэртэй эрдэм шинжилгээний төвд орж ажиллах, зэрэг өөрийн эртнээс хийхийг хүсч байсан зүйлүүдээсээ бага багаар холдсоор байгаа энэ бүсгүй цаашдаа ямар нэгэн төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлж чадна гэдэг юу л бол.
Амьдрал гэдэг сонголтуудын үргэлжлэл. Тэдгээр сонголтууд нийлээд нэг хүний амьдралыг бүтээдэг. Мөн хүн чиг хандлага, зан чанартаа нийцүүлэн аливаа сонголтуудыг хийдэг.
Бидний хувь тавилан, зураг төөрөг гэж нэрлэдэг зүйлүүд бол үнэн хэрэг дээрээ зөв сонголт хийх чадвар, чиг хандлагын өөр нэр юм.
Авъяас чадал төгс эмэгтэйчүүд амьдралын салаа зам дээр зогсож байхдаа ямар сонголт хийх ёстойгоо сайн мэдэж байдаг. Гэтэл яг сонголтын торгон агшинд тэд огт өөр, хаа хамаагүй сонголт хийж орхидог.
Тэд “тухайн үед ямар ч арга байгаагүй” гэж шалтаг хэлдэг боловч тийм сонголт хийхэд хүргэсэн зүйл нь тэдний зан чанарт байдаг.
Тэд “Бүхнийг өөрийн сайн сайхны төлөө, өөрийн тусын тулд” хийнэ гэж зорилго тавьдаг ч тэр нь үргэлж талаар болж байдаг нь мөн л тэр зан чанар, чиг хандлагатай салшгүй холбоотой.
Мэдээж амьдралд бүх юм санаснаар болдоггүй. “Христийн шашинтай юм уу цэрэг, цагдаагийн айлын бэр болохгүй” гэсэн хатуу байр суурьтай байсан мөртлөө л агаарын цэргийн жанжин, дээрээс нь Христийн сүмийн пастор хүний хүүтэй суусан юм шүү дээ би.
Гэтэл мөрөөдөж байгаа амьдралтайгаа хамгийн ойр, зөв сонголт хийж чаддаг, өнгөрсөн амьдралдаа бусдаасбага харамсдаг,одоогийн амьдрал нь аз жаргалаар дүүрэн яваа эмэгтэйчүүд олон байдаг. Тэдгээр эмэгтэйчүүд бүгдээрээ авъяас чадвар төгс эсэхийг нь мэдэхгүй ч , “ухаантай” эмэгтэй гэдэг нь гарцаагүй юм. Би удаан хугацааны ажиглалт, судалгааны үндсэн дээр тэдгээр эмэгтэйчүүдээс нэгэн төрлийн нийтлэг чанарыг олж мэдсэн билээ.
Сонголт хийхэд нөлөөлдөг чиг хандлага,зан чанар гэдэг санаан зоргоор нэг л өглөө өөрчлөгддөг зүйл бишийн дээр энэ бүхэн аль хэдийн бүрэлдэн тогтож, улам дагтарших талруугаа орсон байдаг гучаас дээш насанд өөрчлөгдөнө гэдэг бүр хэцүү болохыг бас олж мэдлээ.
Зан чанар, үзэл бодол уян хатан байгаа, бас илүү олон сонголт хийх боломжтой энэ үедээ л өөрчлөх хэрэгтэй.
Үүнийг эмэгтэйчүүдэд одоо байгаагаасаа илүү хангалуун, илүү аз жаргалтай, илүү хүссэнээрээ амьдрахын тулд сонголтоо зөв хийж чаддаг болоход нь туслах үүднээс бичсэн билээ.

No comments:

Post a Comment